avatar

Чихэрлэг зүйлс- хэр хэмжээтэй, хэзээ?

2011-05-07,13:13
Чихэрлэг зүйлсийг хүүхдүүд байтугай томчууд ч амтархан иддэг. Хүүхдийн чихэр идэхийг хориход хэцүү, үр дүн багатай. Иймд олон

гэр бүлд үүнтэй холбогдох асуудал тасардаггүй. Өнөө үед олон төрлийн амтлаг сайхан чихэр, шоколад, жигнэмэг мөн төрөл бүрийн чихэрлэг ундаа бий болсон нь асуудлыг улам хүндрүүлсээр байна.
Чихэрлэг зүйлс нь их хэмжээний саахар агуулдагаараа муу талтай. Саахар бол калори ихтэй, харин хүүхдийн бие махбодод хэрэгцээтэй эрдэс бодис, уураг, амин дэм агуулдаггүй. Мөн шүдэнд халтай. Гэвч хүүхэд тодорхой хэмжээгээр чихэрлэг зүйл идэж болно. Гэхдээ хэмжээнээс хэтрүүлэн идэхгүй байх, идсэнийхээ дараа шүдээ угаах, гол төлөв хоолны дараа дессерт маягаар хэрэглэх зэргийг анхаарах шаардлагатай.


Хэр хэмжээтэй
Хоол судлаачид “Хүүхэд өдөрт 150-200-аас илүүгүй калорийг чихэрлэг зүйлээс авч болно” гэж үздэг. Энэ нь ойролцоогоор 5 ширхэг жижиг шоколад эсвэл 6 ширхэг чихэр үгүй бол 40 грамм резинен чихэр эсвэл 5 ширхэг жигнэмэгтэй дүйцдэг байна (1).
Хүүхдийн өдөрт авах ёстой калорийн 10 хувийг чихэрлэг зүйлээс авч байхад төдийлөн сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. Тэгвэл зургаан настанд өдөртөө 1500 калори шаардлагатай гэвэл 150 калорийг чихэрлэг зүйлээс авч болох аж. Тослогтой нэг ширхэг жигнэмэг 30 калори, нэг ширхэг жижиг шоколад 35 калори агуулдаг жишээтэй.  Гэхдээ зарим хүнсний зүйлс, ундааны найрлагад байгаа калорийг бас бодолцож тооцно. Жишээлбэл нэг стакан газтай чихэрлэг ундаа 80 калорийг агуулдаг ажээ.
Энэхүү заасан хэмжээг ямагт барих хэцүү. Шинэ жил, цагаан сар, төрсөн өдрийн баяр гээд заримдаа бага насныхан хэмжээнээс хэтрүүлэн чихэр хэрэглэдэг. Ийм тохиолдолд тэр долоо хоногынхоо балаансыг барьж сөрөг нөлөөг нь багасгана.


Хэзээ
Шүлс шүдийг зайлж, хамгаалж, засаж, бэхжүүлж байдаг. Гэхдээ шүлс үүргээ гүйцэтгэхийн тулд чихрийн нөлөөлөлгүй байх тодорхой хугацааг шаарддаг байна. “Тухайлбал,  шүд 16 цагийн түрш чихрийн нөлөөлөлгүй байхад шүлс ойролцоогоор 8 цагийн хугацаанд эсэргүйцэн шүдийг хамгаалж чаддаг (2)”. Тэгэхээр эцэг эх өглөөнөөс эхлэн үдээс өмнөдөө хүүхдэд чихэрлэг зүйл хэрэглүүлэхгүй байвал шөнийн цагтайгаа нийлээд энэхүү 16 цаг бүрдэнэ. Иймд жишээлбэл, өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэхдээ ганц хоёр чихэр халаасанд нь хийх бол ээж аав нарын буруу үйлдэл юм.
Долоо хоногийн хагас, бүтэн сайнд ч юмуу аль нэг тогтмол өдрүүдэд хоолны дараа дессерт хэрэглэдэг зан үйл танай гэр бүлд байж болох юм. Энэ нь хүүхдэд хоолныхоо ширээнд чихэрлэг зүйлс заримдаа хэрэглэж болдог, түүний хойноос хэт хорхойсон дурлах хэрэггүй гэсэн мэдрэмжийг төрүүлнэ. Жимсний салад, жимстэй тараг гэх мэт.  Чихэрлэг зүйлийг үндсэн хоол (өдөр, орой)-ны дараа хэрэглэх нь илүү тохиромжтой. Хүүхэд хоолоо идээд цадсан байх учир чирхэрлэг зүйлийг их хэмжээгээр идээд байхгүй.  
Хүүхдийн чихэрлэг зүйлс идэх сонирхлыг дарахад аль нэг үндсэн хоол нь чихэрлэг амттай байж бас болно. Жишээлбэл, сүүтэй будаа, шинэ жимс, ногооны салат. Чихрийн тавгаа байнга хүүхдийн нүдэнд ил, гарт ойрхон байлгахгүй байсан нь дээр. Ингэснээр хүүхдэд түүнийг ойр ойрхон авч идэх зуршил тогтохоос сэргийлнэ.


Зохихтой  хэрэглээнд сургах
Хүүхдийг чихэр битгий ид гэж хориглоход харин ч тэдний дурыг улам илүү өдөөх вий. Тэгэхээр энэ нь үр дүнтэй арга биш.
Зарим ээж аав хүүхдээ сайн байсных нь төлөө чихэр, шоколадаар шагнадаг. Энэ нь хүүхдийг байнга амттанаар шагнуулж байх эрмэлзэлд хүргэж болзошгүй. Мөн зарим аав ээж хүүхдээ аргадаж тайтгаруулахын тулд чихэр өгдөг. Энэ нь мөн хүүхдийг чихэр авахын тулд гонгинодог, уйлдаг болгочихож мэднэ.
Та дараах аргыг хэрэглээд үзээрэй. Чихрийн саваа нэг долоо хоногийн хугацаанд хүүхдийнхээ идэх чихэр, амттанаар дүүргэнэ. Ингээд хүүхэд өөрөө хэдийд алийг нь идэхээ шийднэ. Хэрэв хоёр хоногийн дотор дуусгасан бол тэгээд л тэр долоо хоногийн норм дуусна. Эсвэл өдөр бүр зохих хэмжээний амттанг чихрийн савандаа хийнэ, түүнийгээ өөрөө авч идэж байна гэж хүүхэдтэйгээ тохирно. Иймэрхүү байдлаар хүүхэд өөрийгөө удирдаж чихэрлэг зүйлийг зохистойгоор хэрэглэж сурахад эцэг эх нөлөөлж болох юм.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax