Багачууд замын хөдөлгөөнд

хоёрын хооронд явж байгаад гэмтсэн ажээ. Нийт осолд өртсөн хүүхдүүдийн 48.2% нь 8-14 насны хүүхдүүд байна (1).
Бага насны хүүхэд хөгжлийнхөө онцлогоос шалтгаалан замын хөдөлгөөнийг бүрэн мэдэрч, зөв тооцож чаддаггүй бөгөөд тэд анхаарал болгоомжгүй байх, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, чадваргүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт харагддаггүй зэрэг нь хүүхэд осолд өртөх үндсэн шалгаан болдог байна. Иймээс эцэг эх хүүхдээ үргэлж хамгаалж замын хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ хүүхдэдээ замын хөдөлгөөнд зөв оролцох дадал хэвшлийг эзэмшүүлэх шаардлагатай юм.
Яагаад онцгой анхаарах шаардлагатай гэж?
Бага насныхан болон бага ангийн хүүхдүүд хөгжлийнхөө онцлогоос шалтгаалан бие даан замын хөдөлгөөнд оролцохдоо дараах сул талуудтай байдаг байна.
• Биеийнхээ өндрөөс шалгаалан тэд орчноо бүрэн дүүрэн харж чаддаггүй
• Тэд богинохон хөлөөсөө болоод зам хөндлөн гарахад олон алхам хийж, удаан явдаг.
• “10 нас хүртлээ хүүхэд ирж буй машины зай болон хөдөлгөөний хурдыг зөв тооцож чаддаггүй” (2)
• Машин ирж явааг харавч, намайг бас харж байгаа гэж боддог
• Хүүхэд амархан өөр зүйл рүү сатаарч, анхаарал нь сарнидаг
• “Хүүхэд хариу үйлдэл хийхдээ удаан. Тэд томчуудыг бодвол 2,5-3 дахин их цаг хугацаа зарцуулдаг” (3)
• Хажуугаас ирж буй машиныг томчуудын адилаар нүднийхээ булангаар харж мэдэрч чаддаггүй
• Дуу чимээ гарч байгаа зүг чигийг нарийн ялган сонсож чаддаггүй
• Тал талаас ирж байгаа машин, гэрлэн дохио, дуу чимээ гээд нэг дор олон үйл явцыг зэрэг мэдэрч хүлээж авах чадвар дутмаг байдаг
Юуг хэвшүүлж сургах вэ?
• Байнга явган хүний замаар явах
• Ямагт явган зорчигчийн гарц, ногоон гэрлээр зам хөндлөн гарах
• Гарцгүй бол бүх чиглэлээс тээврийн хэрэгсэл сайн харагдах газраар гарах
• Замаар хөндлөн гарахдаа машины урдуур яаран гүйхгүй, ирж яваа машиныг хүлээж өнгөрөөх
• Машины зам болон замын ойролцоо тоглохгүй, дугуй унахгүй байх
• Машинаар хамт авч явахдаа хөдлөхөөс өмнө суудлын даруулгыг хийх, баруун хаалгаар суух, буух
• Машин, автобуснаас буухдаа араар нь тойрч, машин харж байж зам гарах (машинаар хүргэсэн тохиолдолд хүүхдээ зам хөндлөн гарахгүй талаас нь буулгасан нь дээр)
Анхаарах зүйлс, сургах арга
Зогсоол аюултай. Машины зогсоол нь хүүхэд, явган зорчигчдод аюултай газар. Учир нь жолооч нар зөвхөн машинаа зогсоолд тавих, гаргахад анхаарлаа төвлөрүүлдэг тул явган зорчигч, хүүхдүүдийг харахгүй байх талтай. Иймд зогсоолд байгаа машинуудын ойр явахдаа болгоомжтой байхыг хүүхдэдээ сануулж байхад илүүдэхгүй. Та өөрөө машинтай бол машинаа гараашнаас гаргах хооронд хүүхдээ тогтсон газар зогсоож хүлээдэг болгон хэвшүүлсэн нь дээр.
Хувцаслалт нөлөөтэй. Гадуур явахад хүүхдэдээ тод өнгийн хувцас өмсүүлвэл жолооч нарт ойр орчмын зүйлсээс хүүхдийг ялган харахад дөхөмтэй. Сүүлийн үед замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүдийг жолооч нарт харагдуулах зорилгоор тэдний цүнх саванд цацруулагч тууз бүхий бүрээс хийж өгдөг болсон нь аюулгүй байдалд сайн нөлөөтэй ажээ.
Тоглоомын арга хэрэглэх. Тоглоомон машин, гэрлэн дохио, явган хүний гарц, явган хүн явахыг зөвшөөрсөн замын тэмдэг зэргийг ашиглан шалан дээр (тоглоход зориулсан замын хөдөлгөөний зурагтай дэвсгэр бас байдаг) хүүхэдтэйгээ тоглох, тэдгээрийг зуруулах, урлан бүтээх зэргээр дүрс тэмдэглэгээнүүдтэй танилцуулж болно. Тэдгээрийг болон сэтгүүлийн янз бүрийн зураг ашиглан хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж бас болох юм. Жишээлбэл, “Болно, болохгүй” Машин зам дээр тоглох (болохгүй), Тоглоомын талбай дээр дугуй унах (болно), Машины урдуур гүйх (болохгүй) Ногоон гэрлээр гарах (болно) гэх мэт.
Танаас эхэлнэ. Бага насныхан таныг харж дуурайн замын хөдөлгөөнд хэрхэн оролцдогийг мэдэж авах тул хүүхдээ замын хөдөлгөөнд зөв оролцуулж сургах ажил танаас өөрөөс тань эхэлнэ. Тэгэхээр та замаар хэрхэн хөндлөн гарч байгаа, машинтай явж байгаа бол өөрөө хамгаалалтын бүсээ хийж байгаа зэрэг тань хүүхдэд олон дахин зааж тайлбарласнаас илүү нөлөөтэй. Та хүүхэдгүй ганцаар явж байлаа ч гэсэн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж байгаарай. Учир нь хэн нэгний хүүхэд зам гарах гээд таныг дагаж яваа эсвэл харж байгаа.
Тэдэнд итгэхэд хэцүү. Сургуулийн өмнөх насныхан бол мэдээж таны хамгаалалт хяналтгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцоно гэж үгүй. Багачуудын хөгжлийн дээр дурдсан онцлогуудаас шалтгаалан сургуульд орсны дараа ч та хүүхдээ аль болох хараа хяналтандаа байлгасан нь дээр. Олон дахин давтан сургуулилаж байж тэдэнд замын хөдөлгөөнд оролцох дадал сууна. Замын хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа та хүүхдээ чимээгүй хөтлөөд л алхаад байх биш, гэрлэн дохиотой замаар бол ямар гэрлээр гарах, гэрлэн дохиогүй бол юуг (эхлээд зүүн тийшээ дараа нь баруун талаас машин ирж байгааг харах, замын тэмдгүүд юуг зөвшөөрсөн, хориглосон, замаар гарахдаа яарахгүй байх гэх мэт) анхаарч, яаж зам хөндлөн гарах талаар асууж ярилцаж, дадлага хийлгэж байгаарай.
Ном зүй:
1. www.stop.mn
2. http://www.kindergesundheit-info.de/fuer-eltern/kindersicherheit/kindersicherheit02/verkehrssicherheit0/
3. http://www.adac.de/infotestrat/ratgeber-verkehr/kindersicherheit/kinder-im-strassenverkehr/kinder-als-fussgaenger/default.aspx?ComponentId=46509&SourcePageId=50000
Жич: Одоо хавар болж, хүүхдүүд гадаа тоглож, замын хөдөлгөөнд оролцох нь ихсэж байна. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газар, нийслэлийн цэцэрлэгүүд хамтран “Цагаан шугам, ногоон гэрэл” уламжлалт ажлаа зохион байгуулах гэж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан хэлэхэд “Цагаан шугам, ногоон гэрлээр зам хөндлөн гарч болно” гэж хүүхдүүдэд зааж сургах нь их л эрсдэлтэй бололтой. Учир нь манай гэрлэн дохионуудын зохицуулалт гэж ямар ч юм бэ дээ. Явган хүн явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асахад заавал хажуугаас машин эргэж, явган хүмүүстэй зэрэгцээд л давхих юм. Үүнийг өөрөөр зохицуулж болдоггүй л юм байх даа?
Бичлэг
